2010-05-06 - Зөв амьсгал, зуу насал
Хүн 12 секунтэд нэг удаа гүнзгий амьсгаа авбал эрүүл саруул амьдарч, урт удаан наслахад их тустайг дэлхийн эрдэмтэд батлаад байна.
Бясалгал, уламжлалт анагаах ухаанаас үүдэлтэй зөв амьсгалах арга ухаан хүний сэтгэлийг тайвшруулж, стресс бухимдал, уур уцаарыг үлдэн хөөдөг гэнэ. Амьсгалаа байнга зөв удирдснаар зүрхний үйл ажиллагаа сайжирч, цусны даралт тогтворжиж, уушиг цэвэршдэг байна.
Ялангуяа, хотын агаарын бохирдол идэвхжиж, хүний томууны шинэ вирус тархаад байгаа энэ үед зөв амьсгалж сурснаар олон төрлийн нянгаас өөрийгөө хамгаалж чадна. Долоо хоногт нэг удаа хөдөө гарч, цэвэр агаар ханатлаа амьсгалвал бүр ч сайн. Учир нь хүний уушиг цэвэр агаар нөөцөлж, хуримтлуулах чадвартай байдаг гэнэ. Байнгын ачаалал, уур бухимдлаас болоод маш ойрхон, бага багаар амьсгалдаг тогтсон хэмнэлээ өөрчлөхөд танд амаргүй санагдаж болох юм. Гэвч битгий санаа зов.
Та амьсгалынхаа үргэлжлэх хугацааг өдөр бүр бага багаар ахиулахад л болно. Эхлээд та өөртөө ямар нэг шаардлага тавилгүйгээр, аль болох гүнзгий амьсгаа хамраараа авч, хэсэг зуур түгжээд, эргэн гаргаарай. Амьсгалаа ам, хамрынхаа алинаар нь ч гаргаж болно. Хамгийн гол нь ингэж амьсгалахад танд тааламжтай, бас ямар нэг дарамтгүй байх хэрэгтэй. Мэдээж, сэтгэл өөдрөг, тайван болж байвал бүр ч сайн.